Wednesday, May 13, 2015

зэрлэг цэцэг шиг найздаа

Хувь тавилан гэж ургамал юм. Хөрс шороо, нар усаар тэжээгдэн ургадаг.
Би ямар ургамал юм бэ? Говьд ургасан хатан зоригт заг юмуу, уул хадыг хага сэтэлж ургадаг вансэмбэрүү юмуу? Хавар хамгийн түрүүнд ургачихаад ямаанд идүүлчихдэг гэнэн яргуй юу? Уулын эзэн өндөр гацуур мод уу? Хүн болгонд нүд үзүүрлэгддэг ч яаж ийгээд амьдардаг шарилж уу?

Сайхан муухай ямар ч байлаа гэсэн үр минь соёолж хөрснөөс өндийдөг л юм бол үндэсээрээ газраас бат зуураад агаар тийш улам ургах л ёстой. Өөрийгөө ямар ургамал болохоо ургаж байж л мэдэх жамтай.

Гэхдээ тасалгааны биш талын цэцэг баймаар байна. Таримал нь биш тааваараа ургах жамыг дагамаар.  Магадгүй би талд ургаж байгаа байхаа. Хүн намайг услана даа гэж царайчилдаггүй, зүрх сэтгэлээ дагаж зөнгөөрөө ургадагаас биш арчлуулж эрхэлдэггүй. Өөлүүлж засуулж байж таалуулдаг таримал цэцэг лав биш, таалуулах гэж таашаагдах гэж биш зүгээр л тааваараа ургах гэж ургадаг ургамал. Эзэн нь услаад байвал ургаад л байдаг, үхэж өгөхгүй урт насалдагийнхаа төлөөсөнд хөөрхий тасалгааны цэцэг нэг ч гэсэн айлын хүүхдэд байгалийг бэлгэдэж, хотын хүний утаат уушгийг хүчил төрөгчөөр тэжээдэг буянтай л байх. 

Хавар төрөөд намар болоход үрээ үлдээгээд өөрөө хатаад үхдэг талын цэцэгний тавилан л хамгийн сайхан.

2015.05.13

No comments:

Post a Comment