Thursday, May 25, 2017

Тохиолдлууд яг юу хэлэх гээд байна?

Тохиолдлууд яг юу хэлэх гээд байна?

Тохиол нэг
Улсын Нийслэл Улаанбаатарын Зайсан хавиар ажил хөөцөлдөөд халуун наранд нозоорон алхаж явлаа. Шувуудад үүр гэсэн том зарлалын самбар Цэнгэг усны газрын гадаа хананд өлгөөтэй байна. Хашааны хажуугаар явах зуур шувууны үүр өнгө өнгөөр, янз бүрээрээ газар өрөөстэй байгааг олж харлаа. Тэр олон шувууны үүрийг хараад нөхрийн барьж байгаа, бидний ирээдүйн байшингийн дээвэрт тагтаа үүрлэсэнийг саналаа. Нөхөр “яах вэ үүр бариад өгчих юмсан, яаж шууд гаргах билээ” гэж байсан, болдог бол эндээс бэлэн үүр аваад явчих юмсан, өнөөдөр таазаа битүүлэхээс өмнө үүр барьж өг гэж хэлье байз гэсэн юм бодоод өнгөрлөө.

Тохиол хоёр
Нөхөр ирж хамт харихаар хөдлөв өө. Зам зуур байшин барьж байх үед дээвэрт үүрлэсэн тагтааг хөөж гаргаснаа ярив. Хос тагтааны хоёр ч ангайхай байсан, хоюуланг нь гаргатал нэг нь нисээд явж нөгөө нь арай нисч чадахгүй хашаанд үлдэж. Гэтэл нөхөр таазаа битүүлчихээд  байтал дээврээс дахиад чимээ сонстож л дээ. “Хачин юм бүгдийг нь гаргасан юмсан” гээд дахиж таазаа нээж дээврийг шалгатал эх тагтаа дээврийн завсарт дахиад өндөглөжээ. Нөхөр бодохдоо дулаан тохьтой болохоор энэ хос тагтаа дахиад өндөг даржээ гэж. Тэгээд сүүлд гарсан өндөгийг нь ч гэсэн гаргаад тавьчихсан тухайгаа ярьлаа. “Өндөг нь яг л тахианых шиг юм билээ, яасан ч хурдан өндөглөдөг юм. За яахав гэж байтал дахиад өндөглөчихдөг. Тэгээд гэнэт  л за яршиг гэж бодогдоодгаргачихлаа” гээд л ярианыхаа хэнэггүй өнгөөр цаанаа жаахан зовсон эмээсэн сэтгэлээ тайвшруулах аястай ярьлаа.

Тохиол гурав
Орой нь гэртээ харьсан хойноо нүүр ном ухаж суулаа. Танил шувуу сонирхогч залуу нэгэн бичлэгийг хуваалцжээ. Тэр бичлэгт бас л хос шувуу гэхдээ гадаадад, усан дээгүүр явсан аврага том гүүрний оройд үүрээ засчихсан, эм нь өндөгөө дарах гээд байж байхад нь эр нь нэг цагаан өнгийн  саравчтай малгай зууж ирээд их л хичээж хушуугаараа  зөөж, засаж, тавьж дахиад л зөөж, амьхандаа салхи хаах гэж оролдож байгаа дүрс гарах юм. Харин эм нь ууртай байгаа бололтой, эрийнхээ малгайгаар салхи хаах гэж мунгинаж, амгалан байдлыг нь хачин эд авчирч эвдэж байгаад янзгүйрхсан уу нөгөө малгайг хушуугаараа зууж нисээд холоо аваачаад хаячихлаа. Тэр харилцаа нь бид хоёртой яасан ч төстэй юм гээд хайр хүрээд.

Тэр өдөр 2017 оны 5 дугаар сарын 22 байсан. Гайгүй байгаа?

Friday, February 12, 2016

Нэгэн ид шидтэй газрын тухай,

аяллын тэмдэглэл

Би Их Нартад очсондоо өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай бас жаргалтай хүмүүсийн нэгд тооцож байгаа. Яагаад гэвэл энд би дэлхийн бусад завгүй хотын амьдрал, техниkжсэн аварга амьтны хар сүүдэрт сааралтаад, өдөр бүр нэгэн хэвийн амьдралаасаа таашаал авахаа больсон хэдэн сая магадгүй хэдэн тэр бум хүмүүсийн мөрөөдөлд нь орж санаанд нь ч багтахааргүй зүйлийг мэдэрсэн. Юу мэдэрсэнээ үгээр тайлбарлах ийм хэцүү гэж санасангүй гэхдээ дөхүүлж болох.

Энэ аялал эхлэлээсээ төгсгөл хүртлээ аядуу тайван өнгөрсөн. Сүйдтэй адал явдал байгаагүй хирнээ сэтгэлээс гарахааргүй сайхан мэдрэмжийг үлдээж магад 80 наслаад ч эргэн дурсагдах үл мартагдах үнэрийг үлдээсэн аялал байсан. Энэ бол орон зай түүний хүчнээс сүрдэж гайхширсан, гүн тайвшрал, тархинаас биш өөр газраас ургаж буй бодлуудаас ханхлах үнэр. Ариун дагшин цэвэр ариун үнэр.  

Аялал ингэж эхэлсэн.
Бүх амьдралаа бодож амжина.
Өнөө л танил болсон Улаанбаатараасаа гарсан.  Гэхдээ машинаар биш. Онгоцоор биш, автобусаар биш, тиймээ галт тэргээр. Монголд анхны галт тэрэг 1949 оны 11 дүгээр сарын 07 ны өглөө 08:30 д иржээ*. Миний зорчсон галт тэрэг анхных биш л дээ. Гэхдээ л хуучных. Сингапур эсвэл япончууд бас ангичуудад энэ галт тэрэг (үнэндээ одоо бол вагон гэх нь илүү зохимжтой) их л сонин сайхан санагдана гэдэгт би лав итгэлтэй байна.  Евро азийг хөндлөн гарах транс сибирын төмөр зам**, дэлхийн хамгийн хүйтэн хахир өвалд ажирахааргүйгээр хийгдсэн, дотроо унтах боломжтой давхар ортой , 00 ын өрөөтэй халуун чихэртэй цайгаар үйлчилдэг вагон.
Дөрвөн хүний суудалтай дээрээ давхар ортой бүхээгэнд суугаад цонхоор нь буудлаар холхих хүмүүсийг харахад би яг одоо энэ ертөнцөөс гараад өөр ертөнц рүү нэвтрэх гэж байна даа гэж бодогдоод үлгэрт гардаг шиг эсвэл сайхан kиноны эхлэл шиг сэтгэл хөдлөөд явчихав. Төд удалгүй вагон хөдлөхдөө гаргах хүнгэнэх чимээ бага зэргийн дайвалзах хөдөлгөөн…  миний сэтгэл дотор мөн л тийм сонин дайвалзах шиг. Удаан жигд хэмнэлтэй урагшлах галт тэрэг түүний бас тийм тайван хөгжимийн хэмнэл шиг чимээ чиг чиг чиг чиг … энэ чимээ очих газар хүртэл 6 цаг намайг бүүвэйлнэ.  Замдаа бүх амьдралаа бодож амжина. Цонхоор хотын амьдралын аж байдал үхэр, модон хашаа тосгоны амьдрал руу аажим шилжинэ. Тэгээд л хэсэг ойн чөлөөгөөр яваад жижигхэн сууринг өнгрөөд л уул ус, уудам тал цэлийгээд эхлэнэ. Хаа нэг адуу мал бэлчиж яваа нь харагдахад зураг авч амжина гэхээр галт тэрэг үнэхээр аажуу тайвуу.

Бодол бодол бодол, бороотой өдөр галт тэргээр бүр ч сайхан, салхивчаар нойтон хөрс шорооны үнэр хан хийгээд  л. Тэнгэр үүлтэй бүрхэгээс цэлмэг хүртэл аажим хувирах шиг. Өвсний өнгө, уул ус бас л зам зуур аясаар өөрчлөгдөхийг ажиглах ямар сонирхолтой гээч. Хүний амьдрал ийм л. Эгэл жирийн хүний амьдрал, ажлаа хийгээд үр хүүхдээ өсгөөд яваа хүний амьдралын хэмнэл ийм.


Тал… хязгааргүй байх энэ тал. Яруу найрагчийн шүлэглэснээр Сар хээр хонодог Тэнгэрийн хэвтэр Буурал тал минь…

Миний буух өртөө. Шивээ говь***. Монголын хойд хэсгээс зүүн урагш чиглэн 275 kм г 6 цаг туулав. Тал дунд цагаан өнгийн энгийн дөрвөн давхар байшин. Эндээс намайг дараагийн мэдрэмж рүү хөтлөх өөр нэг унаанд сууна. Энэ унаа бол монголчууд эсвэл ЗХУ н бүрэлдэхүүн орнуудын хувьд нэг их хачин эд биш л дээ. Харин барууны ертөнцөд бол нэн ховор үзмэр шиг эд болох фургон хэмээх хатуу гарын 6 хүний суудлын тэрэг.

Аялалын дараагийн үе.
Өөр ертөнц рүү нэвтрэнэ

Тал дундуур давхина.
Энгийн биш нэг ертөнц рүү нэвтрэх тэр хэсэгт магадгүй нэг их сонин зүйл үгүй мэт. Тал явж байгаад хэдэн хад чулуу. Гэхдээ нэг ер бусын газар руу нэвтрэн орж буйгаа яалт ч үгүй чиний зүрх мэдрэнэ гээд бод.

Элсэн говь, энгийн биш хадтай говь, хамгийн зүүн говь, дорно говь, их нартай, их талтай, элдвийн чулуут, энгийн биш солонгон говь. Нар өдөр бүр мандаж өдөр бүр жаргаж энд чулуун хадад нь өдөр бүр өөр өнгөөр туяардаг****. ~тэнд хөтөлсөн тэмдэглэлээс.

Энд хотын цаг үйлчлэхгүй. Энд ер нь хотын гэх ер нь юу ч үйлчлэхгүй.  Соёлт тэгээд өндөр хөгжилт гэх мэтийн онгироо гуншинтай амьдрал бол бүр ч падгүй. Сүлжээ барихгүй болохоор интернэтийн тухай бүр бодох ч хэрэггүй. Цахилгаан байхгүй болхоор ер нь “авралгүй”. (нэг зальжин инээмсэглэчихье).

Хаашаа л харна хад. Өндөр биш намхан ч биш хад. Хаа сайгүй. Төөрдөг хадад гээд би нэрлэчихье. Уг газарт анх очоод дурласан хүний эрх эдлээд би ингээд нэрлэчихэд ёсонд халгүй гэж найдая. Тал дунд 60 km өргөн 80 аад km урт сунаж тогтсон хад чулуун бөөгнөрөл. Уншиж буй хүнд ойртуулахад таны төсөөлж буй шиг цавчим хад асга биш, харин ч их мөлгөр дугуй, бараг л бүх л хадад дээр нь та авираад орой дээрээс нь орилчихож чадахаар. Ойрын хамгийн өндөр хад дээр гараад эргэн тойрноо харвал элс, өм цөм өвс ургамал, тэгээд дээр дээрээсээ ургасан мөөг шиг, урсаж байгаад царцсан юм шиг. Чухам энэ хэсэгт нөгөө шидэт мэдрэмж үйлчилж цаг хугацаа зогсож би өөрийгөө нэг сонин л мэдэрч орчлонг шал өөр байхыг хараад бүр гайхширав. Гэтэл Санаанд минь “монголын говь урьд нь далайн ёроол байсан юм гэсэн” гэж хэзээ ч билээ сонсож байсан нь буулаа. Нээрээ л далайн ёроол байж шүү дээ, энд загас үүрлээд дүрсээ шахдаг байж, аврага загас намайг чиглээд ирж байна ямар том аймаар юм бэ,,, хадны завсар нуугдах минь (хөгжилтэй инээмсэглэлээ дэргэд яваа хүмүүсээс нуух гэж хэхэх). Эхлээд ер бишийн гэдгийг нь мэдрэх дараа нь далайн ёроол байсан байж болох магадлалын тухай бодох хоёрын эхнийх нь мэдрэмж илүү сайхан. Их мэдэх ер нь дэмий гэдэг үнэн. Ингээд л бодол орж ирээд дургүй хүргээд,,, гайхаж хүүхэд адил хөөрч байсан сэтгэлийг юу ч үгүй зэмлүүлчихсэн аятай болгочихдог.

Аяллын гурав дахь үе.
Ая тух аз жаргал

Нар жаргахын алдад хурц наранд ээгдсээр тоос татуулан давхиж ирсэн фургоноосоо буугаад монгол гэрт тухлана. Аз жаргал, ая тух. Мод үнэртсэн шинэхэн гэр. Гэр дотор шар, улаан, хөх, ногоон, ягаан, улбар хөх өнгүүдээр эрээлнэ. Гэхдээ тийм замбраагүй биш харин ч ийм олон өнгийг яаж ийм эмх цэгцтэй огт ядаргаа болохооргүйгээр үзэсгэлэн төгөлдөр байдлаар зохицуулаа вэ гэж санагдах нэгдүгээр мэдрэмж.
“Тааз” нь нарыг санагдуулж харин хана нь ер бишийн сонин модон сараалж. Таазны голд авжур биш харин сонирхолтой огтлол бүхий дугуй нүх. Энэ нь цонхны үүрэгтэй нь мэдээж. Үүгээр нар тусна. Голдоо төмөр зуухтай, зуухнаас яндан гарч тэр таазны тэг голд байгаа дугуй цонхоор нь гарна даа. Эргэн тойрон “тойрог”. Нэг ч өнцөг байхгүй.Үүднээс баруун зүүн талд тус тус гоёмсог хээгээр мөн л өнгө хоршуулан гоёсон ор байрлана. Хээ нь байгалийн ургамал төрөл бүрийн цэцэгсийг санагдуулам өнгөлөг хөгжилтэй. Шал нь хүрэн бор цэвэр мод. Үүдний эсрэг талд дунд зэргийн хайрцаг байна. Урдаа цоожтой. Арслан бар бололтой үлгэрийн амьтанг гоё хээтэй хослуулж дүрслэхдээ өөр хаана ч ингэж бодож олохгүй дээ гэмээр тансаг харагдана. Үүн дээр тал нутгийг гараар зурсан зураг байна. Бас лаа тавьж. Үүдэндээ тосгуур байна. Хажууд нь устай сав.  Ингэхэд Та энэ байгууламж гаднаасаа яаж харагддагийг гайхаж байна уу. Хагас дугуй,  цав цагаан.

Аяллын дөрөв дэх үе.
Бүх зүйлд нь дурласан нь

Өглөөний нар мандахыг,  Тэмээ чулуун хадад дундаас тодорч намайг чиглээд жонжуулахыг, тэмээн хоёр бөхний хооронд найган найган наранд төөнөгдөн говийн 20 kм ыг туулах, хатсан нуурын хагарсан хөрсөн дээр хөл тавихыг, хадан дээгүүр харайх, хэд хад харайгаад хүрчихмээр ойроос аргалийн сүрэг олж харахыг, тэд чамайг бас эгц өөдөөс чинь ширтээд хэсэг зогсохыг,,, 
тэр л үед цаг хугацаа үнэхээр байхгүй,  бүр би өөрөө ч байхгүй болж энэ агаар салхинд уусчих шиг. Хэсэг элс хаданд очоод нөмөрлөж тогтжээ. Тэр хэсэг элсэн дээр мацаж гараад дээрээс нар дороос элс төөнөхийг мэдрэх, хадны нөгөө талд дөнгөж гаруут л сүүдэр нөмөрч салхи сэвэлзэхийг, хэсэг яваад хачин сонин хэлбэрт надад зориулж байгаль сэнтий зассан аятай дүүхэлзэх хаданд гараад аагим халууныг мартаж сэрүүн салхийг мэдэрч суухын аятайг, дээрээс эргэн тойрноо ажиж зогсохдоо адуу бэлчихийг, өөр газарт бол хээв нэг байх адуун сүрэг энд харин зэрлэг адгуус аятай үргэхийг хараад гайхах,,. нөгөө хөндий рүү хараа бэлчээхэд тал нутаг хязгааргүй үргэлжлэх нь сэтгэлийг бүр цэлийлгээд явчихна. 
Хараа цуцах алс гэдэг дээ. Хязгаар нь үл үзэгдэх их тал. (нэг их сайхан гүнзгий амьсгалав) тэгснээ энэ тал ямартай ч хаа нэг газар очоод хот тосгодтой нийлж байгаа нь гарцаагүй дээ гэж бодохнээ хайран. Хайран хайран хайран сайхан байгаль, хүмүүс бид, хөгжингүй эсвэл хөгжиж буй бид, ухаж уудалж буй бид. Улс төр нийгмийн хүнд юм бодогдоод бачимдах гээд иртэл нутгийн залуугийн хүнгэсэн хоолой “тээр тэнд байгаа… “ гээд л бодол таслаад.

Тэртээ олон жилийн өмнө дурлалцсан хосуудын үнэнч хайр балагт ноёны гайгаар тэр насандаа учрах тавилан хомсджээ. Нэгнээ алсаас ч болов харж байх гэж хад чулуу болон мөнхөрчээ. Нэгнийх нь орой дээрээс нөгөөх нь харагдах, нөгөөгийнх нь оройгоос энэ нь харагдах.  Хөдөө явахдаа бишгүйдээ л их сонссон доо ийм домог. “Домог яриа үнэн байх албагүй, бэлгэдлийн чанартай, итгэл үнэмшил, шүтлэгийн шинжтэй ба тухайн ард түмний ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдралын толь” гэх тодорхойлолт бас л зурс гээд толгойд ороод ирэх. Тиймээ тэр мэдээж. Гэхдээ үнэхээр ч тийм юм билүү. Хад нь хүн байгаагүй юмаа гэхэд орой дээр нь гараад нэгнээ харж сэтгэл амраад насыг илээсэн хосууд үнэхээр байсан ч юм билүү. Эсвэл орой дээр нь гарч суухдаа алсад харагдах өөр нэгэн оргилыг ширтэхдээ хайр сэтгэлээ санагалзаж ингээд ч болов барааг нь харахсан гэж гансарсан нэгэн зохиосон ч юм билүү. (энэ бодлоо энэ залууд хэлчихдэг юм билүү, намайг тал засч байна гээд бодчихно, болихоос, дахиад л инээмсэглэл, миний энэ инээд муутайг ээ). Залуу инээмсэглэхийг минь олоод харчихлаа. (өө мангар эсвэл өөрийнх нь ярьсаныг шооллоо гэж бодох вий дээ,) Залуу дун цагаан шүдээ яралзуулаад эгц өөдөөс минь инээмсэглэллээ. Энэ чинь юу гээчийн сайхан явдал вэ. Надад хорвоо дээр ер нь юу хэрэгтэй юм бэ.


 Аяллын тав дахь үе.
Үхэл.

Хад чулуун дунд агуй бий. Холгүйхэн чулууг дөрвөлжилж өрсөн булш бас буй. Хэдэн km алхавал тойрж зассан олон булш овоолж зассан чулуу тэдгээрийн голд зассан өндөр овоолго. Овоолго дээр хэдэн архины шил тавьжээ. Овоолго дээрээс харахад нээрээл яг л нар адил дугариг тойрч зассан хэдэн овоолго байна. Нутгийн залуу цааш тайлбарлахдаа эрт дээр үед амьдарч байсан нэгэн овог аймгийн бүлэг оршуулга, бүгд ухагдаад дууссан, алт мөнгө үнэт эдлэлүүдийг аваад булшийг нь эвдээд явчихсан, тэгээд аргадсан юмуу хаашаа юм архи өргөөд явсан байна билээ. Харин надад түүхийн байна уу эдийн байна уу үнэтэй тэдгээр соёлын олдворууд хэний гарт орсон бол гэх харамсал үнэхээр төрсөн ч өөр бодолд хэсэгхэн автав. Үхэл ирээд явахын цагт юу болдог бол? “Чойжид дагины домог” шиг үнэхээр тийм адал явдалтай юу..  гэх хэрэггүй бодол.  

Хадан хошуу дээр үүрээ барьж өндгөө дараад, үрдээ хоол зөөх тас шувуу үхэгсдийн үлдэгдлийг өөртөө шингээж газрын амьтдын үхсэний дараах хүсэл биелэхтэй адил халин ниснэ. Нөмрөг тасыг ховордсонд тооцдог. Харин энд олон юм. Яг л үе үе таарах зэрлэг амьтдын хувхайрч цайрсан яс шиг олон таарна. Хувхайрч цайсан амьтны яс энэ хадат говийг бүр ч үзэсгэлэнтэй, зэрлэг, догшин, үнэхээр оньсого болгох юмаа.

Залуу халааснаасаа боодолтой юм гаргаж түүндээ хэдэн нимгэн жижиг чулуу хийснээ дэлгэж харуулаад “эртний хүмүүсийн хийсэн чулуун зэвсэг, гилбэр” гэнэ.  Би өнөөх бодлоо залгуулаад л одоо тэр үед нь очиж үзвэл тэд надад юу гэж захих бол. Тэд ер нь юу бодож явсан хүмүүс бол. Би тэднийг гайхах болов уу эсвэл тэд намайг гайхах болов уу. Тэдний хэрэглэж асан чулуун зэвсэг. Үгүй ер нь хорин нэгдүгээр зуунаас, хүмүүс нь дээр дээрээсээ давхарлалдад амьдардаг хотоос ирсэн надад энэ эртний хүмүүсийн хийсэн чулуун зэвсэг ямар их хамаатай гээч. Тэд ингэж чулууг эмтэлж элдэв янз болгон зэвсэг хийхдээ энэ нь яван явсаар мөнөөх гайтай гайхалтай тархийг нь хөгжүүлж үр хойчис нь ертөнцийг хэдэн янзаар шинээр бүтээнэ гэдгийг санаа ч үгүй дээ.

Хэсэг малчин айл бас бий. Хадан дундаа амьдрахгүй жаахан захдуулж тал бараадаж суудаг аж. Морь мал нь зэрлэгшээд хаяа бүр адуугаа агнах аятай буудаж унагаад идэшэнд иддэг гэх. Хонь нь хачин том тарган.  Гаднаа тавган антентай хоёморьтоо телевиз асаасан, зуухаа газар ухаж хийдэг.  Энэ айлын тулганд асах гал нь магад эрт үеийн хүний агуйд асаасан галтай адил байгаа даа.





Аяллын зургаа дахь үе.

Нар жаргах үеийн гайхамшигийг би үгээр үнэхээр илэрхийлэмгүй. Тэгэж хичээмээр ч үгүй байна. дэмий л харж сүрдэхдээ мянган жилийн тэртээ овог аймгийн баатар эрс морин дэл дээр салхи исгэрүүлэн давхиж явсандаа гэж төсөөлөхөд морин төвөргөөн үнэхээр дэргэд сонсогдох шиг болно. Өвөг дээдсийн сүнс салхинд, хөрс шороонд, хад чулуун элгэнд, шавагт, таана хүмүүлд, ариун дагшин ахуйд шингээстэй. Тэгээд яг одоо яг энэ цагт надад ямар нэгэн зүйлийг дамжуулаад байх шиг. Хаданд дүүлэн нисэх аргаль янгирын эрх чөлөө минийхээс ч үнэн юм шиг.  Адуу мал хатсан нуурандаа мөнөөх л янзаараа ирж багширах нь надтай ижилхэн юм шиг. Хэсэг дэрсэнд ороод би өөрөө алга болчихно. Худаг олоод ховоог нь хаяад татахад ус нь тунгалаг биш гэхдээ зөвхөн тунгалаг усыг л уудаг гэж үү.

Шөнийн тэнгэрийг яах вэ. Ёстой л диваажин гэдэг чинь энд байна, ертөнцийн хамгийн сайханы эрэл энд ирээд биелнэ. Тод тод одод, сүүн зам, огторгуйн энэ хязгааргүйд манай дэлхий биднийг тээгээд эргэж байна. Тэнгэрийг шүтэж газрыг хайрладаг өвөг дээдсээ гайхах эргэлзэхийн хэрэг огт алга аа та минь ээ. Тов тодорхой юм. Биднээс хүчирхэг, бидний үүсэл, бүхний анхдагч, амьдралыг жолоодогч хүчний тухай өөр ямар ч хариулт байлаа гээд үүний дэргэд юу ч бишээ. 
Би энд гялалзах хэдэн живаа эсвэл сэтгэшгүй настай түг түмэн одод, сая сая жилийг ардаа орхисон эдгээр чулуун хадад, урссаар буй агаар салхи, тээсээр буй хөрс шорооны дэргэд хэн сэн билээ. Ядахдаа би эртний хүн шиг чулуун зэвсэг үлдээхдээ мянга мянган жилийн дараах хүнд бодол өвлүүлэх бил үү. Би ер нь хэн юм бэ. Бид ер нь юу юм бэ. Ийм сайхан тэнгэр мөнх байх, гэхдээ ийм сайхынг нь олж харах завшаан хоромхон л юм. Гэрт орж унтахаа жаахан азная, дахиад жаахан хадан дээр хэвтэе. дээлэндээ биеээ ороогоод дээш харж тэнгэр ширтээд дахиад л инээмсэглэл тодруулаад  хэвтэж байхад надад ер нь өөр юу хэрэгтэй юм бэ. Хамгийн жаргалтай хүн.
Аяллын долоо дахь үе.
Амлалт.

Маргааш нар мандана. Вагонд суугаад хотын зүг. Үрдээ очино, үнсэнэ, үнэрлэнэ, хүүгээ дагуулаад дахиад очино доо.
2015, 8 дугаар сар
2016 оны 2 сарын 11,  Муу нүүрт хэмээх гал Мичин жилийн шинийн хоёрон.  Нэмж засварлав.

Ишлэл тайлбар:

*          1949 оны арваннэгдүгээр сарын 07-ны өглөөний 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болж  Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцон үг хэлж, тууз хайчлав. http://www.ubtz.mn/page?id=26

** Транс Сибирын төмөр зам буюу The Trans-Siberian Railway TSR Транссиби́рская магистра́ль  бол Мосkваг Оросын хязгаар, Япон тэнгистэй холбосон төмөр замын сүлжээ юм. 9289 km үргэлжилдэгээрээ дэлхийн хамгийн урт төмөр зам бөгөөд Монголын, Хятадын болон Хойд солонгосын төмөр замруу салбарладаг. Анх 1891 оноос барьж эхэлжээ. Энэ зам хэзээнээсээ л барууны аялагчидыг эзэмдсээр иржээ. Тэртусмаа аялагчид адал явдлынхаа тухай ном сэлт бичсэн нь элбэг ба үүгээрээ дараа дарагийн аялагчидыг татсаар ирсэн сонирхолтой аяллын машрут юм.

***      Улаанбаатар хотоос 275 км, Говьсүмбэр аймгийн төвөөс 35 км зайтай байрлаж байна. Нутгийн байгалийн бүтэц нь дов толгод бүхий тал хээрийн бүсэд оршдог бөгөөд нутгийн хувьд ерөөнхийдөө талархаг, дов толгодтой, хамгийн өндөр цэг болох Өехийн цагаан өндөр далайн түвшнээс дээш 1272 метр, зүүн Умайн овоо далайн түвшнээс дээш 1303.2 метр өргөгдсөн өндөрлөгүүд байгаагаас гадна Сэвхүүл, Хувын Улаан нуур, Хүрэн дух зэрэг баруун хойноосоо зүүн урагшаа сунаж тогтсон хөндийнүүдэд хамгийн нам цэгүүд байрладаг. Эдгээр цэгүүд нь дунджаар далайн түвшнээс дээш 1172.3 км-т өргөгдсөн байна. Хөрсний бүтэц нь хээрийн хүрэн болон хүрэн цайвар шаварлаг хөрстэй.

***      Даланжаргалан (ᠳᠠᠯᠠᠨᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩ)нь Дорноговь аймгийн сум юм.Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 156 км, Улаанбаатар хотоос 305 км-т, төмөр замын дагуу оршдог. 4 багтай, хүн ам 2581. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
****    Их нартын хад байгалийн нөөц газар: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир хамгаалах шаардлагатайг харгалзан УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна. Нийт талбайн хэмжээ 43740 га. Энэхүү байгалийн нөөц газарт байх зэрлэг амьтад ба мал сүрэг, байгаль, нийгмийн харилцааны асуудлуудыг судлах нь багагүй ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Денверийн зоологийн сан хамтран 2001 оноос Их нартын байгалийн нөөц газарт урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байна.

Газарзүйн онцлог: Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойт хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ экосистемд ихэнхдээ газарзүйн хувьд бага зэрэг хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог болон уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи болон шороон шуурга хосолсон цаг уур нь тухайн бүс нутгийн ургамал амьтдын бүлгэмдэлд их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч цэнгэг хүйтэн уст булаг шанд Их нартын хөндийг усаар хангалттай тэтгэж байдаг. Эдгээр булаг шанд нь сайранд шингэснээ хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь зөвхөн их борооны дараа ил гарах нь бий. Мөн горхи, булаг, худаг болон улирлын чанартай цөөрөм тус нөөц газарт элбэг. Их нарт дахь худгууд нь нутгийн зүүн хэсгийн, булаг болоод улирлын чанартай горхиуд нь нутгийн баруун хэсгийн усны үндсэн нөөц болдог байна. Их нартын булаг, худгийн уснууд нь маш цэнгэг, цөөрмүүдийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг ч зэрлэг амьтдын хувьд усны чухал нөөц төдийгүй усны шувуудыг харж болох тохиромжтой газар билээ. Мөн энд Халзан уулын рашаан зэрэг янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөц ихтэй.
Амьтны аймаг: Их нарт хөхтөн амьтдын зүйлийн бүрдлээр баялаг. Энд дэлхийд хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзнаас өчүүхэн жижиг орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтад тохиолдоно. Жижиг махан идэшт хөхтнүүд олон байдаг ч ихэнх нь шөнийн амьдралтай. Аргаль хонь (Ovis ammon) нь урт зэгзгэр хөлнийхөө хүчээр хурдан давхидаг бол янгир ямаа (Capra ibex) нь хаданд хурдан шаламгай авирч, аюулаас зайлж зугатах бөгөөд нэг овгийн эдгээр амьтад бэлчээр нутгаа хамтран эзэмшинэ. Угалз нь маш том биетэй, ер бусын гоёмсог, том, бүтэн мушгирсан эвэртэй байдаг боловч говийн угалзны эвэр нь харьцангуй жижиг. Их нартад янгир ямаа аргаль хониноос цөөн тоотой байдаг ч тархац нутгийнхаа бусад хэсэгт илүү олон тоотой байдаг. Хоёр зүйлийн зээр байдгийн нэг нь цагаан зээр (Procapra gutturosa) нөгөө нь хар сүүлтий (Gasella subgutturosa) бөгөөд Их нартад улирлын чанартай тохиолдоно. Азид ховор тооцогддог хулан адуу(Equus hemionus) Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен Их нартад байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан тохиолдоно. Мөн олон зүйлийн шувууд энд нүүдэллэн ирж, эсвэл суурин амьдарна. Их нартын хад, цохионы ангал цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд үүрлэх боломж нөхцөл маш сайн байгааг харуулж байна. Олон зүйлийн шавьж, аалз, аалз хэлбэртэн мөн бусад сээр нуруугүйтэн байдаг ч ихэнх нь бага судлагдсан.
Ургамлын айма: Их нартад цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилох ба хур тунадаснаас хамаардгаараа өвөрмөц байдаг. Өвслөг ургамлууд нь тухайн газрын 35%-ийг бүрхдэг. Их нарт дахь онцлог зүйлүүдэд алтлаг холтсоороо нэшсэн тарваган харгана(Caragana pygmaea) болон хээрийн бариулт бүйлс(Amygdalus pedunculata) орно. Бариулт бүйлс нь үрээр нь хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтдын тэжээлийн чухал эх үүсвэр болдог.
Түүх, соёл: Их нартын чулуунд “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” 1-3 зм үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг. Мөн Их Нартын баруун хойд хэсэгт рашаан сувиллын газар бий.
Гадаад харилцаа: “Их нарт” байгалийн нөөц газар, Калифорни мужийн “Анза Боррего Дезерт” байгалийн цогцолборт газар Ах дүү тусгай хамгаалалттай газар болон хамтран ажиллаж байгаа билээ. Ижил төстэй байдалдаа түшиглэн хоёр улсын дээрх тусгай хамгаалалттай газрууд аргаль хонь судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөх талаар сүүлийн 10-аад жилийн турш хамтран ажиллаж байна. http://www.ikhnart.com

Sunday, May 17, 2015

Ганданд салхилсан, түүх сөхсөн, харамссан, баярласан, биширсэн, амьдралын тухай бодолд автсан, хүүгээ өхөөрдсөн, тагтаа тэжээсэн өдөр


Хаяадаа хүү бид хоёр хотын аялал хийдэг. Өнгөрсөн намар Гандан хийд орохдоо их л бодол болсоноо санаж байна. 

Гандандэгчилэн бол бидний сайн мэддэг хирнээ бас үл мэдэх тийм газар: 
Лам хар холхилдсон энэ газар зуу гаруй жилийн тэртээ Нийслэл хүрээний хаанаас ч төвөггүй харагдах "далхын дэнж" гэж газар байжээ. Бүгдэд тод харагдаж байдаг болхоор амраг хосуу энд л болздог байж. За хөө луу цагт далхын дэнж дээр яг гозойж байгаарай,,, гээд л хор ойроос ирэх амьтан хүний "болзоотын бор толгой" болж байсан эл газарт 1809 онд Шар Сүмийн суурь тавигдсан тэр цагаас эхлэн бурхадын дүр заларсан, маань мэгзэм тасардаггүй сүм хийд болсон түүхтэй. Наймдугаар Богд Жавзундамбын зарлигаар 1911 онд Мэлмийгээр болгоогч Жэнрэзиг (Жанрайсиг) бурханы дүрийг анх урлан залжээ. Монголын буддын шашины түүх дандаа л улс төрийн түүхтэй холбогддог. Сүм хийд болгоны туурь,  аль нэг хийдийн хана туурга өнгөрсөн зууныг сануулдаг. 

Хайран хүмүүс, хайран соёл, хайран урлагийн бүтээл:
1917 он Оkтьябрын хувьсгалын улаан туг бүх л Оросыг бүрхээд ч ханаагүй. Тариачидын хөдөлгөөн нүүдэлчидийг ч бас социалист болгож монголчууд 1924 онд энэ хувь заяаг тоссон (тэгэхээс ч аргагүй байсан бизээ). Төлөөсөнд нь ухаантан мэргэдээ барьсанд харамсаад ч барамгүй. 1937 онд Монголын бүх хүрээ хийдүүдийн сүүлч болох Гандантэгчинлэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарийн сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглон зогсоожээ. Харин Нигүүлсэлийн Мэлмийгээр Болгоогчийг (Жанрайсиг) 1938 онд ЗХУ руу хэдэн хэсэг болгон авч одсон. (үүнийг сонсоод ямар их харамсах сэтгэл төрсөн гээч) Их Мэгжиджанрайсиг бурхан нь Монгол түмний харамгүй сэтгэл, хамаг олноос цуглуулсан алт,үнэт эрдэнэсийн дээжээр бүтсэн их шүтээн, эрдэнэсийн их сан байсан төдийгүй төр шашины ёс, урлаг,  соёл, уран барилга, уран дархны нэн гайхамшигтай,  дэлхийд хосгүй нэн үнэт бүтээл  байв. (яг тэр үеийн 80 тохой Жанрайсаг одоогийнхоос хир ялгаатай бол зэрэгцүүлж харахсан гэх бүтэшгүй мөрөөдөл... дахиад л харамсал) Аз болоход ухаантнуудын уйгагүй хүчин зүтгэлээр (ШУХ~гийн дарга Л. Дэндэв, орлогч дарга Б.Наваан  нарт баярлалаа) 1939 оноос эзгүйрч хоосорсон Ганданг дахин сэргээх ажил эхэлжээ. Бас тухайн үед буддын цор ганц голомт болохын хувьд Ганданд энд тэндээс бурхан тахил, ном судар цугларч түүнийг хямгадаж байсан гэхээр урлагийн тийм сайхан бүтээлүүд, гайхалтай судрууд бидний үед ирсэнд гялаамаар.

Нигүүлсэлийн Мэлмийгээр Болгоогч
Харин ой хагастай хүүгийн минь хараад уулга алдан гайхаж бас сүрдэж буй уг урлагийн бүтээл бол 1990 ~1996 онд ард түмний хандиваар дахин урласан Жанрайсиг. Тэрээр дува сохор шиг духан дээрээ нүдтэй, гэхдээ ганц биш. 

Нэгэн домог:
  Эртээ урьдын цагт нэгэн залуу бодь сэтгэлээ хөгжүүлж бодьсадва болжээ. Тэрээр зовон шаналж буй хамаг амьтанг авран тусалж байсан боловч зовлонгийн далай даанчиг дундаршгүй. Зовлон ноёлох энэ ертөнцөд түүний үзүүлэх тус далайд дусал мэт болохыг мэдээд бодьсадва машид гаслан цочирдсоноос (энгийн үгээр хэлбэл "шоконд орсноос") түүний толгой мянган хэсэг задран бутрав. Азаар ойр хавьд Амитаба (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт, японоор 阿弥陀如来) бурхан нисэн өнгөрч байсан тул толгойг нь түүж цуглуулаад, арван толгой хийж өгөөд, хүмүүст туслахдаа миний ухааныг ашигла гээд хамгийн дээр нь өөрийнхөө толгойг тавьсан гэнэ. Мөн аль болох олон хүнд туслаарай хэмээн мянган гар өгчээ. 

Мянган гарын алга болгон нүдтэй байх нь амьтан хүний зовлонг алдалгүй харж туслахын тулд юм. Мэгжид Жанрайсэгийг янз бүрээр дүрсэлдэг. Энэтхэг, непалд 11 толгойтой мянган гартай дүрслэх нь олонтаа (дээрх зураг). Төвд, монголд нэг толгойтой, дөрвөн гартай, босоо эсвэл суугаа байдлаар зурж урлах нь элбэг (доорх зураг). Харин хятад (觀世音), японд (観音) эмэгтэй дүрийг (доорх зураг) нь хүмүүс шүтдэг.

Домгоо үргэлжлүүлбэл, Амитабагийн ачаар ийнхүү амилсан Мэгжид Жанрайсэг орчлонд зовж буй амьтан байгаа цагт нирваанд орохгүй гэж амлажээ. Тиймээс лам, мэргэд машид удаан маргасан байна. Орчлон ертөнц зах хязгааргүй, эцэс төгсгөлгүй & тоолж баршгүй олон амьтад оршино. Тиймээс ийнхүү амласан Мэгжид Жанрайсиг мөнхийн бодьсадва, үүрд нирваан дүрээ олохгүй гэсэн үг үү...  Гэвч бурхан багш "эндүүрээд байна та нар минь эндүүрээд байна, Мэгжид Жанрайсиг аль хэдийнээ нирваанд байна, амьтан хүнийг аварч туслах нь түүний нирваан" хэмээн айлдаж маргааныг тасалжээ. Мэгжид Жанрайсагийн догшин дүр нь Чойжин (Махакала) бурхан юм. Догшин дүр нь гэгээрэхэд садаа болох уур, омог зэрэг муу хүслийг дарна. (домгийн хэсгийг http://surensuren.blogspot.com)

Би ойлгохдоо:
Би буддын шашины гүн ухааныг нарийн мэдэхгүй ч үйлийн үрийн тухай сургааль нь амьдралын тухай хамгийн бодитой үнэн тайлал гэж боддог. дэлхий тэнхлэгээ эргэж, нарыг бас тойрч, нарны аймаг манай галаkтиk ч бас хязгааргүй сансарт тойрон эргэлдэж байгаа. Амьдрал бас яг үүн шиг бид тойрогт байгаа өөрийнхөө бас бусдын тойрогт эргэлдээд тойроод л амьдарч байгаа. Харин тойргийн учрыг олж гэгээрэх аваас орчлонгийн хүрднээс ангижирч бурхан болж байгаа нь тэр. Бурхан болмооргүй бол тойрогт эргэлдээд байж болох. Гэхдээ сайн уу муу юу ямар тойрог байх нь өөрөөс нь л шалтгаална. 


Жич ~ Хүү маань тагтаа шувуу харахаараа өхөөрдөөд дагаад гүйдэгийн.  Ганданд анх очоод заалгаагүй ч шууд л хэзээний л сурчихсан аятай тагтаа тэжээгээд эхэлсэн. Одоо Ганданд тагтаа оруулахгүй гэж будаа зарагчидыг гаргасан байгаа учир нь тагтааны ялгадас сүм хийдийн барилгыг муутгадаг, өвчин тараадаг гэх мэт... Тиймээс Гандангийн хашааны гадаа цэцэрлэгт хүрээлэнд тэжээж болно.